
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-07-04 11:17:45
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2017 оны 4-р сар/
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2017 оны 4 дүгээр сар/
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5 тоосонцор, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.
2016-2017 оны хүйтний улирал буюу 2016 оны 10-12, 2017 оны 1-4 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны буюу 2015-2016 оны хүйтний улирлын дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 7мкг/м3-ээр буюу 5%-аар, PM2.5 тоосонцор 3мкг/м3-ээр буюу 3%-аар, азотын давхар исэл 8мкг/м3-ээр буюу 19%-аар тус тус их, хүхэрлэг хийн агууламж 12мкг/м3-ээр буюу 27%-аар бага байлаа.
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах хэсэгт харуулав.
РМ10 тоосонцор
Зураг 1. PM10 тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2017он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2016 оны 10-12 сар, 2017 оны 1-4 дүгээр сарын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 60%-аар, 2012-2013, 2013-2014 онуудтай харьцуулахад тус бүр 41%-аар, 2014-2015 онтой харьцуулахад 20%-аар тус тус бага байсан бол 2015-2016 онтой харьцуулахад 5%-аар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулахад 2011-2012 онд 3.8 дахин, 2012-2013 он, 2013-2014 онд 2.6 дахин, 2014-2015 онд 1.9 дахин, 2015-2016 он, 2016-2017 онд 1.5 дахин их байна. (Зураг 1)
Зураг 2. Хүйтний улирлын PM10 тоосонцрын
сарын дундаж агууламж, 2012-2017он
Агаарын чанарын нийт суурин харуулуудын дүнгээр PM10 тоосонцрын 2017 оны 4-р сарын дундаж агууламж 103мкг/м3 байгаа нь өмнөх оноос 11%-аар их байна (Зураг 2).
PM10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 4 дүгээр сард 11 цэгт нийт 311 удаа хэмжилт хийснээс 195 удаа буюу 63% нь агаарын чанарын стандарт дахь ХА-аас давсан.
4 дүгээр сард 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчимд 408мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 4.1 дахин их байсан байна.
РМ2.5 тоосонцор
Зураг 3. PM2.5 тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2017он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2016 оны 10-12 сар, 2017 оны 1-4 дүгээр сарын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 32%-аар, 2012-2013 онтой харьцуулахад 26%-аар, 2013-2014 онтой харьцуулахад 6%-аар тус тус бага байсан бол 2014-2015 онтой харьцуулахад 12%-аар их, 2015-2016 онтой харьцуулахад 3%-аар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дахь ХА-тай харьцуулахад 2011-2012 онд 2.8 дахин, 2012-2013 онд 2.6 дахин, 2013-2014 онд 2 дахин, 2014-2015 онд 1.7 дахин, 2015-2016, 2016-2017 онд 1.9 дахин их байна. (Зураг 3)
Зураг 4. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын
сарын дундаж агууламж, 2012-2017он
Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр PM2.5 тоосонцрын 2017 оны 4-р сарын дундаж агууламж 27мкг/м3-д хүрсэн бөгөөд өмнөх оноос 29%-аар их байна (Зураг 4).
PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 4 дүгээр сард нийт 7 цэгт 198 удаа тодорхойлсноос 53 удаа буюу 27% нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагдсан.
24 цагийн дунджийн хамгийн их агууламж Толгойт орчим 112мкг/м3 хүрч АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.2 дахин их байсан байна.
Азотын давхар исэл (NO2)
Зураг 5. Азотын давхар исэл NO2-ийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2017он
Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн 2016 оны 10-12 сар, 2017 оны 1-4 дүгээр сарын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 9%-аар, 2012-2013 онтой харьцуулахад 28%-аар, 2013-2014 онтой харьцуулахад 2%-аар тус тус бага байсан бол 2014-2015 онтой харьцуулахад 14%-аар, 2015-2016 онтой харьцуулахад 19%-аар тус тус их байсан байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дахь ХА-тай харьцуулахад 2011-2012 онд 1.1 дахин, 2012-2013 онд 1.4 дахин, 2013-2014 онд 1.02 дахин их байсан бол 2014-2015 он, 2015-2016 он, 2016-2017 онуудад ХА-аас даваагүй байна. (Зураг 5)
Зураг 6. Хүйтний улирлын азотын давхар ислийн
сарын дундаж агууламж, 2012-2017он
Агаарын чанарын суурин нийт харуулуудын дүнгээр азотын давхар ислийн 2017 оны 4-р сарын сарын дундаж агууламж 35мкг/м3 байгаа нь өмнөх оноос 17%-аар их байна (Зураг 6).
Азотын давхар ислийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 4 дүгээр сард нийт 13 цэгт 347 удаа тодорхойлсноос 63 удаа буюу 18%-д нь АЧС дахь ХА-аас давсан.
24 цагийн дунджийн хамгийн их агууламж 13-р хороолол орчимд 106мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.1 дахин байсан байна.
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 7. Хүхэрлэг хий SO2-ийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2017он
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2016 оны 10-12 сар, 2017 оны 1-4 дүгээр сарын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 39%-аар, 2012-2013 онтой харьцуулахад 18%-аар, 2015-2016 онтой харьцуулахад 27%-аар тус тус бага байсан бол 2013-2014 он, 2014-2015 онуудтай харьцуулахад тус бүр 3%-аар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дахь ХА-тай харьцуулахад 2011-2012 онд 1.1 дахин их байсан бол бусад онуудад хүлцэх агууламжаас даваагүй байна. (Зураг 7)
Зураг 8. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын
дундаж агууламж, 2012-2017он
Агаарын чанарын суурин харуулуудын дүнгээр хүхэрлэг хийн 2017 оны 4-р сарын дундаж агууламж 13мкг/м3 байсан нь өмнөх оны мөн үеийн түвшинд байлаа. (Зураг 8). Хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийг 2017 оны 4 дүгээр сард нийт 14 цэгт 346 удаа хэмжилт хийснээс 7 удаа буюу 2%-д нь АЧС дахь ХА-аас давсан тохиолдол ажиглагдсан. 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Зурагт орчимд 64мкг/м3 хүрсэн нь АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.3 дахин их байсан байна. Дэлгэрэнгүй үзэх

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/26



6 м/с


Шинэ мэдээ

